Wednesday, November 13, 2013

Бор-Өндөр сумын бэлгэ тэмдгийн шинэ тайлбар


Бор-Өндөрчүүд бид юм болохоор л бэлгэ тэмдгээ шинээр зохиож сонгон шалгаруулах талаар ярьдаг. Бидэнд одоо байгаа бэлгэ тэмдэгтээ шинэ амьсгал өгч шинэ утга оруулбал хаанаас ч харсан сайхан бэлгэ тэмдэг билээ. Энэ бэлгэ тэмдэгээ хэвээр хадгалан сумынхаа бэлгэ тэмдгээр үлдээхийн төлөө дэмжин саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Шинэ тайлбар: 

Мөнх хөх тэнгэрийн сүр хүч, Боржигон тал нутгийн хөх голомт, Монгол удамт хүмүний хөх толбыг дугуй хэлбэртэй хөх дэвсгэрээр бэлгэдсэн.
Анханд эх орны минь дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн охид хөвгүүдийн нөр их хөдөлмөр, их бүтээн босголтыг тодотгохын хамт гүний уурхайг илэрхийлж доод зовхисыг бусад зовхисоос урт байхаар зохиомжилсон найман талст дүрс нь хожим хөх тэнгэрт гялалзах “од” мэт харагдсан тул билэгшээн “Алтан гадас од” хэмээж, утга үүгээр Бор-Өндөрчүүдийн алсын хараа, хүмүний амьдралын эрхэм зорилгыг бэлгэдсэн.
Цагаан шонхор шувууг “Алтан гадас од”-ны өмнө талд далавчаа хумин сууж буй байдлаар дүрслэх бөгөөд түүний хоёр далавч нь тэсвэр тэвчээр, сонор сэрэмжийг бэлгэдэх ба толгой нь баруун тийш харсан нь язгуур дээд хүний юунд ч үл шантрах ихэмсэг бардам занг илэрхийлнэ. Утга энэ нь  Монгол хүний эрэмгий зориг, сүр хүчийг илтгэнэ.
Цагаан шонхор шувуунд “Бор-Өндөр сум” гэдэг нэр бүхий алтан хүрээтэй улаан туузыг атгуулсан нь төрж өссөн эх нутаг, унасан газар, угаасан усаа магтан дуулж, жаргал цэнгэлийн туйлд хүрэх эв эеийг “Бор-Өндөр” хэмээн тунхаглаж, хамтын хүчээр хүрэх хөгжил дэвшлийг “сум” хэмээн зарлаж, үүрд мандан бадрах бэлэгдэл “улаан” өнгөт алтан хүрээтэй туузаар ялалтын суу алдраа Монголдоо хийгээд дэлхий дахинаа түгээхийг бэлэгдэж “Бор-Өндөр сум” хэмээх нэрийг хүндэтгэлтэйгээр өндөрт зохиосон болно.

No comments:

Post a Comment