БОР-ӨНДӨР СҮЛДНИЙ
ТАЙЛБАР ОРШВОЙ.
“Нэр хугарахаар яс хугар”, “Хүн нэрээ, тогос өдөө” хэмээх
өвгөдөөс ирсэн сургаал үгс олон бий. Нэр хүндээс шалтгаалж амьдралын маш олон
зүйл шийдэгддэг учраас хүн түүнийг амьнаасаа илүү хамгаалах ёстойг сургах ажээ.
Өөрийн нэрийг ямар ч үнээр хамаагүй цэвэр байлгаж, алдар нэрийн оргилд хүрэхийг
хүсэхгүй хүн энэ хорвоод байхгүй биз. Нэр төрөө хамгаалж чадсан нь алдар нэрийн
оргилд гарч, нэр төрөө алдсан нь хэн биш болдог амьдралын хатуу хууль байдгыг
сануулжээ.
Иймээс Бор-Өндөрт амьдарч,
Бор-Өндөрөөр амьсгалж, Бор-Өндөрөөр дуудагдах дуртай зон олонд энэхүү сүлдний тайлбар
сэлтийг зориулах учир нь гэвэл дээр дурдсан амьдралын хатуу нэгэн хууль өнгөрсөнд
ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байх хэзээ ч үл хувиран өөрчлөгдөх үнэн тул
сургаал үүнийг үл мартах, ямагт санах нь хүний амьдралд тус болохын тухайд билээ. .
Амьдралын тухай бичиж
үлдээсэн “сургаал үгс, ишлэл номлол, амжилтанд хүрэх алтан дүрэм, тулгуур зарчим”-ыг
олонтаа уншиж амьдралдаа хэрэгжүүлэх нь хэнд ч хэрэггүй, харин “амжилтанд хүрч,
алдар нэрийн оргилд хүрсэн нэгэн” болохоор л түүний үг чухал юм.
Амжилтанд хүрч, алдар нэрийн оргилд гарч чадсан хүмүүсийн
бичсэн, бидэнд үлдээсэн ном зохиолыг олонтаа уншиж, шүүн тунгааж, нэгтгэн дүгнэж
үзвээс түүний утга цөмөөр “Бор-Өндөр сум”-ын билэг тэмдгийн загварт хураагдаж,
амжилтын хөтөч, алтан дүрмүүд нь эмх цэгцтэй, ойлгоход хялбар болсон нь гайхалтайг
дурдах ёстой болов уу.
Цөм утга хэмээх энэ үг
эцсийн дүгнэлт ба дүрс өнгө, утгын давхардал нь азтай тохиол, алдаж болохгүй
завшаан тул “Бор-Өндөр сум”-ын билэг тэмдгийн тайлбарыг шинээр бичих, дээрхи
цөм утгад тохируулан хэрэглэхийг эрхэм болгож тайлбар үүнийг бичлээ. Та бүхэн
болгоох бизээ.
Цөм утга энэ нь цэвэр оюун санаа ба далд ухамсарын нэгдэл
билээ.
Бор-Өндөр сумын билэг тэмдэг нь дөрвөн хэсгээс бүрдэх
бөгөөд шаталсан байна. Үүнд: 1-рт: дугараг дүрстэй хөх дэвсгэр, 2-рт: найман цацрагт
алтан гадас,
3-рт: далавчаа хумин суух цагаан шонхор,
4-рт: Бор-Өндөр сум гэсэн нэр бүхий алтан хүрээтэй улаан тууз
болно.
Алдар нэрийн оргилд хүрэх замнал нь мөн дөрвөн хэсгээс
бүрдэх бөгөөд билэг тэмдгийн дөрвөн хэсэгт дүйх ба 1-рт, Ойд төөрсөн сармагчин
хэзээ ч төрсөн гэрээ олохгүй, 2-рт, Та ядуу байж болно, гэхдээ хаан шиг
хүндлүүлэхийг хүсвэл хаан шиг бай, 3-рт, Нэр төрийг хамгаалж сур, эр зориг
төрнө, 4-рт, Суу алдар нь бусдын магтаалаас өөр юу ч биш гэсэн эдгээр утгас
болно.
Дугараг дүрстэй хөх дэвсгэр нь Мөнх хөх тэнгэрийн
хүч, Хөх Монголын газар шороо, Хөх толбот Монгол хүмүнийг билэгдэнэ. Энэ утга
нь эл билэг тэмдгийг бид хоймортоо залах ёстой “Сүлд” болгожээ.
Эх түүх, эх хэл, эх орон, эцэг, эхийн уг гарлыг сайтар мэдэн,
тэнгэр язгуураа олж дээдэс шиг өөрийгөө хүндлэх нь бүхний эхлэл юм. Эс бөгөөс
ойд төөрсөн сармагчин мэт явах бөгөөд хэзээ ч төрсөн гэрээ олохгүй, хүн болсны
хэрэг хулт, хэрээ шувууны хоол болохоос цаашгүй амьдарна. Эх түүхээ мэдэгч
нэгэн бүхний хүндэтгэлийг хүлээдэг гэдгийг сана.
Найман цацрагт алтан гадас нь амьдрал хэмээх хөлгүй их далайд завиар хөвөгч нэгэнд зүг чиг заагч
болдог бөгөөд амьдралын зорилгыг билэгдэнэ. Сүлд нь Монгол гэрийн хойморт
заларч ямагт хойд зүгийг заах тул дөрвөн зүг найман зовхист дүрс бүхий энэхүү
билэгдлийг “Алтан гадас од” хэмээсэн билээ.
Хүсэж мөрөөдөх, бодож сэтгэх авъяас нь хүнд төрөлхийн, заяамал байдаг.
Хүний хүсэл бүхэн бодит амьдралд ойр байх албагүй. Та ядуу байж болно, гэхдээ
хаан шиг хүндлүүлэхийг хүсвэл хаан шиг байх төрөлхийн чадвар хүн бүрт бий.
Тэгэж чадвал амьдралын зорилгоо олох ба бусдад үнэн замыг заагч Алтан гадас од
шиг нэр хүндтэй болно.
Хаан шиг байж чадах төрөлхийн найман чадварыг Алтан
гадас одны найман цацрагаар үзүүлсэн ба үүнд:
1.
Дээш заагч зовхис нь “Хүсэл мөрөөдөлтэй байх”-ыг;
/Хүслийн дээд хаан болох юм. Та юу дуртайгаа бодож сэтгэж болох ч тэр хүслээ
нууж, шаардлагатай хэмжээнээс бага ярих нь явдалд тустай./
2.
Зүүн дээш заагч зовхис нь “Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх”-ийг;
/Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх буюу олдсон боломжоо алдаж амаа барих
нь бараг муу зуршил болсон байдаг. Энэ муу зуршлыг сул талаа хэмээн хүлээн
зөвшөөрч, энэ сул талыг ор тас үгүй хийх бүхий л арга замыг хайж олох нь явдалд
тустай./
3.
Зүүн заагч зовхис нь “Бүх ажлаа нарийн төлөвлөх”-ийг;
/Эхлэл чухал биш, эхлэлийг март. Төгсгөл бол бүх зүйл. Ажлын төлөвлөгөө
хүний хувь заяа биш ч бүх зүйлийг төгсгөл хүртэл нь хувь заяатайгаа агаар нэгэн
болтол нарийн төлөвлөж чадах нь явдалд тустай./
4.
Зүүн доош заагч зовхис нь “Өөртөө итгэ, итгэлээ зөв үзэл болгох”-ыг;
/Өчүүхэн эргэлзээ ч айдас төрүүлдэг. Өөрийгөө бүрэн ялахын тулд итгэлээс өөр
ерөндөг үгүй. Итгэлээ үзэл болгосон нэгэнд хувийн сонирхол, өөрийн амь нас, эд
хөрөнгө огтхон ч үнэ цэнэгүй. Бусдын төлөө зөв үзэлтэй амьдрах нь явдалд
тустай./
5.
Доош заагч зовхис нь “Шаргуу хөдөлмөрлөх”-ийг;
/Хөдөлмөр хүнийг бий болгосон бол шаргуу хөдөлмөрлөж чадвар төгс хүнийг
төрүүлдэг. Маргаанаар биш үйл ажлаараа ялалтыг олох нь явдалд тустай./
6.
Баруун доош заагч зовхис нь “Хуримтлал үүсгэх”-ийг;
/Хуримтлал үүсгэх нь эд хөрөнгө бус эрдэм мэдлэг юм. Төгс боловсрох нь
явдалд тустай./
7.
Баруун заагч нь “Ажлаа дүгнэж, алдаагаа засах”-ыг;
/Ямар ч үр дүн нэг алхам амжилт гэдгийг сана. Унаж байж алхаж сурах нь орчлонгийн
жам тул алдаагаа ухамсарлах нь явдалд тустай./
8. Баруун дээш заагч нь
“Бүрэн сэтгэл ханамж авах”-ыг
/Зорилгоосоо хэтрэх хэрэггүй. Ялсан ч гэсэн хэзээ зогсохоо мэддэг байх
хэрэгтэй. Замын эцэст бусдад ирсэн замаа зааж өгөх нь явдалд тустай./
тус тус билэгдэн заах ажээ.
Хэрвээ үүнийг нар буруу уншиваас хүсэл мөрөөдөлгүй хүн
хэзээ ч сэтгэл ханамжийг олохгүй. Сэтгэл ханамжгүй хүн ажлынхаа үр дүнг
үзэхгүй. Ажлын үр дүн ур чадвараас гарна. Чадвар нь хөдөлмөрийн чанар юм.
Шаргуу хөдөлмөр нь хатуу итгэлээс төрнө. Итгэл нь ажлын нарийн төлөвлөгөөн дээр
хат суудаг. Ажлын төлөвлөгөө нарийн болох тусам сул тал өөрийнхөө байгааг цаг
ямагт харуулдаг. Сул талаа хүлээн зөвшөөрөөгүй бол хүсэл эрмэлзэл хоосон
мөрөөдөл хэвээр үлддэг.
Далавчаа хумин
суух цагаан шонхор нь эр зоригийг билэгдэнэ. Та
өөрийгөө нэр төргүй нэгэн гэж бодож байгаа бол бусад хүн чамайг эр зоригтой нэгэн
гэж дуудах хүртэл бусдын сайн нэр төрийг хамгаал. Хамгаалахад нь тусал. Сайн нэр
төрийг олно. Тэр цагт эр зориг аяндаа төрөх болно.
Цагаан шонхор далавчаа хумисан нь хэзээд дэвэн дүүлэхэд
бэлэн, хүчээ төвлөрүүлэн сууж байгааг илэрхийлэх ба баруун жигүүр нь тэсвэр
тэвчээрийг, зүүн жигүүр нь сонор сэрэмжийг билэгдэнэ. Шувууны жигүүр хүчтэй
болох тусам тэнгэрт улам өндөрт нисдэг шиг тэсвэр тэвчээрийн хат, сонор
сэрэмжийн хашир суусан хүн хэнд ч дийлэшгүй эрэмгий зоригтон болдог билээ.
Яагаад зүүн тал нь сонор сэрэмж гэвэл ажлаа төлөвлөхөд
сонор сэрэмж илүүдэхгүйг, баруун тал нь тэсвэр тэвчээр гэхээр амархан бүтдэг
ажил гэж үгүй, тэсэх хэрэгтэйг сануулж байгаа ба ажлаа төлөвлөж, төгсгөлийг нь бодитой
төсөөлж чадсан цагт л нисэн дүүлэх тул одоогоор далавчаа хумин, хүчээ
төвлөрүүлэн суужээ.
Хүсэл мөрөөдлийн галд шатан суух хүн хэдий гаднаа зүгээр
суух мэт харагдавч цэвэр оюун санааны тэнгэрт нисэн дүүлдэг байна. Үүний тул шонхор
шувуу ч “суух” дүрээр билэгджээ.
Олзоо шүүрэхдээ шонхор шувуу далавчаа хумин амь үл
хайрлан доош шумбан ордог шиг алдар нэрийн оргилд амь үл хайрлан гарахыг
“хумих” гэдэг үгээр билэгджээ.
Хаан хүн шиг ихэмсэг бардам занг шонхор шувуу баруун зүг
тэргүүнээ хандуулсан байдлаар билэгдлээ.
“Бор-Өндөр
сум” гэдэг нэр бүхий алтан хүрээтэй улаан тууз нь төрж өссөн эх нутаг,
унасан газар, угаасан усаа магтан дуулж, жаргал цэнгэлийн туйлд хүрэх эв эеийг
“Бор-Өндөр” хэмээн тунхаглаж, хамтын хүчээр хүрэх хөгжил дэвшлийг “сум” хэмээн
зарлаж, үүрд мандан бадрах бэлэгдэл “улаан” өнгөт алтан хүрээтэй туузаар
ялалтын суу алдрыг түмэнд түгээхийг бэлэгдэж Цагаан шонхорт олз мэт атгуулсан
нь бидний зол болжээ.
Улаан туузаар Алтан гадас одны найман цацрагийн доод
гурван цацраг болох зөв үзэл, шаргуу хөдөлмөр, ур чадвар гурвыг ороосон нь алдар
нэрийн оргилд хүрэх тулгуур гурван зарчмыг заажээ.
Дээдсээс сургасан эрдэм нь зөв үзэл.
Шан харамж горьдоогүй зүтгэл нь
шаргуу хөдөлмөр.
Төгс сурсан, амьдралдаа туршсан, олж
мэдсэн мэдлэг нь ур чадвар.
Та амжилт бүтээлийн оргилд хүрсэн ч суу алдар нь бусдын
хоосон магтаалаас өөр юу ч биш гэдгийг санан, даруу төлөвийг бясалга, тэгэж чадвал
тэнгэрлэг оршихуй тэр бөлгөө.
Цөм утгат сүлд үүнийг дөхөм товч тайлбарлаваас
Мунхаг
хүн түүхээ мэдэж яриваас цэцэн тэр,
Мулгуу
хүн аргал түүж амьдарваас баян тэр,
Муу хүн
нэрээ бодож явбаас сайн тэр,
Магтаалд
хэн хөөрвөөс мунхаг, мулгуу, муу гурав тэр.
Энэхүү тайлбар уншигч танд таалагдсан бол
Бор-Өндөрийн сүлд өнөөдрөөс эхлэн таны замыг гэрэлтүүлэгч байх болно.
No comments:
Post a Comment